Sunday, December 27, 2009

Holy

Monday, November 2, 2009

My strength

"I am the vine, you are the branches. He who abides in Me, and I in him, bears much fruit, for without Me you can do nothing." John 15: 5

"I'm nobody without God, I can do nothing apart from Him. If anything good comes from me, that's Him in me"---> This sounds foolish to most and is considered as a weakness to the world where everybody is judged with their own intellect, experience, skills and abilities.
But this is the only thing I consider as a strength of mine.

Friday, October 16, 2009

Хүмүүс мөнгө биш, үнэнийг хүсэж байна

Би улс төр сонирхдог хүн биш. Худалч хүнд ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын даргын нэрнээс цааш мэдэх зүйл ховор гэхэд хислдэхгүй. Эх орондоо хайргүй, үндэсний үзэлгүй, ухаан богинотой, үс урттай гээд юу ч гэж дуудсан болно, уучлаарай, гэхдээ би улс төр сонирхдоггүй гэдгээ нуухгүй. Яагаад гээч?

Уржигдар өглөө таксинд суулаа. Таксины жолооч 50 эргэм насны нүдэнд дулаахан ах байна. Хөдлөөд удаагүй байтал нөгөө ах яриа өдөж, "УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүс сурталчилгааныхаа мөнгийг хаанаас олдог юм бол?" гэнэ. Ганцаараа машинд явсаар байгаад хэнтэй ч, юу ч хамаагүй ярьмаар болчихдог "чалчаа" жолооч нар байдаг даа. Чалчмаар байлаа гэхэд юун ч улс төрсөг юм билээ дээ гэж бодонгоо би их дурамжхан, "За мэдэхгүй юм даа, ах минь. Намаас нь гаргадаг биз, бас ивээн тэтгэгч энэ тэр гэж байдаг юм шиг байна лээ ш дээ" гээд нэг их ач холбогдол өгөлгүй, ёсыг бодож хариуллаа.

Гэтэл ах хүү, "Өчигдөр шөнө харин хаалга тогшоод... Нэр дэвшигч Д. Зоригтыг дэмжээрэй гээд манай ам бүлд 180 мянган төгрөг өгсөн. Манайх эхнэр, 2 хүү, бэртэйгээ амьдардаг юм. Зүв зүгээр сууж байгаад 180 мянган төгрөгтэй болчихлоо шүү дээ" гэх нь тэр. Ингэж хэлэхэд нь ахаас сэтгэл хөдөлсөн шинж ажиглагдсангүй. Харин ч харууссан, бүр дургүйцсэн янзтай хэлж байв. "Уг нь насаараа МАХН-ыг дэмжсэн ах нь Зоригтод саналаа өгнө гэж бодож байсан болихоор шийдсээн. Гэрийнхнээсээ нууж байгаад АН-ы Бурмаа ч билүү тэрэнд л өгөхөөс" гэж хэлэхэд түүний хоолойн өнгөнөөс насаараа дэмжсэн нам, төрдөө гомдсон гомдол сонсогдох шиг болсон.

Угаасаа бүгд л мөнгө өгдөг ш дээ гэж та хэлэх байх. Би ч бишгүй сонсож байсан л даа. Гэхдээ анх удаа ийм жишээтэй бодитоор таарсан минь энэ. Өдрийнхөө талхны мөнгийг салж унах дөхсөн ямбий тэргээрээ залгуулдаг энэ ахад зүгээр орж ирсэн 180 мянган хар төгрөгнөөс илүү "үнэн" чухал байсан.

"Man of the year" гээд киног дөнгөж сая үзээд дууслаа.
Алдартай шоуны хөтлөгч, инээдмийн жүжигчин ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд, саналын системийн алдаанаас болоод сонгуульд ялж байгаа тухай гардаг юм. Тэр төгс харагдахыг хичээлгүйгээр сэтгүүлчдэд хар тамхи хэрэглэдэг байсан, гэмт хэрэгт орооцолдож, биеэ үнэлж хүртэл үзсэнээ нуулгүй хэлнэ. Түүний энэ алиа хошин зан, үнэнийг шулуухан хэлдэг чанар нь хүмүүст таалагддаг. Ганцхан эмэгтэй амыг хамхиад, агуу гүрний ерөнхийлөгч болох боломж түүнд байсан ч, тэр бүх үнэнийг хэлээд асар том боломжоос сайн дураараа татгалзаж, инээдмийн жүжигчин хэвээр үлдэж байгаагаар кино төгсөнө.

Энэ мэдээж кино. Гэхдээ ийм л зүйлийг хүмүүс хүсэж байна. Зөвхөн таксины жолооч ах ч биш, ард түмэн бүгд үүнийг хүсэж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Өөрийгөө боловсрол өндөртэй, бусдаас ялгаатай гэж тунхаглан, үнэн худал нь мэдэгдэхгүй, энгийн ард ч ойлгохгүй "том том" ярьсан костюмтай хүмүүсийн худал үг, халтар төгрөгийг биш, үнэнийг. Ард түмэн үнэнээр цангаж байна шүү дээ. Хэдэн төгрөгний авилга авч, юу идэж ууснаа нууж хаалгүй хэлээд, ард түмнийхээ өмнө уйлаад уучлалт гуйх зүрх сэтгэлтэй хүн ганц ч байхгүй юм гэж үү? Өөрийнхөө эрх ашгаас илүү, нэр төр нь навс унаж, шоронд орохоос ч үл айн үнэнийг хэлэх аавын хүү, ээжийн охин Монголд алга гэж үү?

Байгаа гэж би бүрэн дүүрэн итгэж байна. Цаг нь болохоор тэд үнэн хэмээх ямар ч мөнгө, арга мэхээс илүү хүчтэй зэвсгээ барин гарч ирээд, эх орноо өөрчилнө гэдэгт би итгэж байна. Тэр цаг ойрхон байж, хүмүүсийн цангааг хурдан тайлаасай гэж бас хүсэж байна. Тэр цагт магадгүй би улс төр сонирхож эхэлж болох л юм. Эсвэл дараагийн "Man of the year" болоод, нэрээ дэвшүүлж ч магадгүй...

За за, сүүлийн өгүүлбэр тоглоом байлаа =))

Thursday, October 15, 2009

Гэрлэж амжаагүй хүмүүсийн заавал унших ёстой ном

Хүмүүс олон төрлийн мэдлэг чадвараа дээшлүүлэхийн тулд уншиж судлахыг эрхэмлэдэг. Харин үерхэл нөхөрлөл, харилцааны тал дээр суралцахаар ном уншдаг хүнийг би тийм ч олон мэдэхгүй юм байна. Гэтэл үнэн хэрэгтээ энэ чинь эзэмшиж болох ямар ч чадвар мэдлэгээс илүү чухал зүйл биш гэж үү? Зарим хүн хэлэх байх л даа, хүнтэй яаж харьцахыг, хэрхэн хайрлаж дурлахыг номоор заалгаад байхдаа яахав дээ, хүн болж төрсөн бол энийг өөрсдөө мэдэх ёстой гэж. Хэрэв тийм юм бол яагаад өнөөдөр нийгэмд гэр бүл салалт буурах биш нэмэгдэж, үүнээс болоод олон мянган хүүхэд хохирч, олон мянган зүрх шархалдаг гэж та бодож байна? Гэр бүл салалтын үр дагавар зөвхөн энэ биш шүү дээ. Мэдээж ганц ном энэ бүхнийг шийдэхгүй. Гэхдээ хэрэв та гэрлэж амжаагүй бол амьдралын хоёр дахь чухал шийдвэрээ гаргахаасаа өмнө энэ номыг заавал уншаарай гэж санал болгож байна.

Доктор Хенри Клауд, Жон Таунсенд нарын "Хил Хязгаар" нэртэй цуврал нь олон хүний таашаалыг хүртэж, олон ч шагнал авч байсан. Энэ цуврал эхнээсээ Монгол хэлнээ орчуулагдан гарч байна. Миний хувьд эхлээд "Хүүхдээ хэрхэн эх захтай хүмүүжүүлэх вэ?" буюу "Boundaries with kids"-г нь уншсан. Би одоогоор хүүхэдгүй ч гэлээ олон юм сурсан шүү. Тэгээд "Boundaries in Dating"-г олж унших юм сан гэж бодож байтал саяхан номын дэлгүүрт гарсан байхыг нь хараад жигтэйхэн олзуурхаж авсан юм. Олзуурхсан нь ч зөв байсан байна лээ.

"Үерхэл нөхөрлөлд тавигдах хил хязгаар" гэсэн энэ номонд үерхдэг хосуудын гаргадаг нийтлэг алдаа, тэдгээрийн учир шалтгааныг бодиит жишээгээр тайлбарлаж, шийдлүүдийг заасан байна.

Ер нь "Хил Хязгаар" цувралын гол санаа нь бид амьдралдаа зөв хил хязгаарыг тогтоож чадвал, олон муу зүйлээс өөрийгөө хамгаалж болохоос гадна, зөв шийдвэрүүдийг гаргаж, нэг ёсондоо илүү дээр, илүү их эрх чөлөөг эдэлж амьдрахад тус болно гэсэн санаа. Би номны агуулгын талаар ярьвал дэндүү нурших гээд байна, тиймээс та өөрөө сонирхоод нэг үзээрэй.

Баянгол зочид буудлын хойд талын 3 давхар шар байрны зүүн талаас ордог хаалгатай SU номын дэлгүүрт 2500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Ийм хямд худалдаж байгааг нь бодоход ашиг хараагүй, аль болох олон хүнд энэ тустай зөвлөмж, зарчмуудыг хүргэхийг хүссэн нь ойлгомжтой.

Танд амжилт хүсье!

Жич: Бичлэгийнхээ гарчигийг "Ганц бие хүмүүсийн заавал унших ном" гэж байсныг "Гэрлэж амжаагүй хүмүүсийн..." болгож өөрчиллөө. Одоо үерхэж байгаа, гэрлэнэ гэж төлөвлөж байгаа хосууд уншвал бүр ч илүү ашиг тусаа өгөх байх :)

Saturday, October 10, 2009

Coffee houses in UB

Би 6, 10 настай хоёр дүүтэйгээ хамт амьдардаг. Тэдэнтэй хамт цагийг өнгөрөөх мэдээж хөгжилтэй, зугаатай байдаг, би тэдэндээ маш их хайртай. Гэхдээ хоёр дүү маань байгаа цагт, гэрт амар тайван, ганцаараа байх боломж гарна гэдэг бараг л үлгэр. 20 гарсан эмэгтэй хүнд ганцаараа байж "ирээдүйнхээ" талаар =)), өөрийнхөө талаар бодох, чимээгүй орчинд ном унших, дотоод сэтгэлийнхээ дуу хоолойг сонсох гэдэг чинь асар том хэрэгцээ шүү дээ. Ийм боломжийг надад UB дэх кофе хаус-ууд олгодог юм. Coffeehouse-т тохирох Монгол нэр бодож олсонгүй ээ. Кафе гэхээр манайхан бол хоол иддэг зоогийн газруудаа ч кафе гээд байдаг. Ямар "кофе уудаг газар" гэлтэй биш. Дэндүү урт болохоор нь кофе хаус л гэчихье :)

(20 гарчаад тусдаа гараач ээ, шавар хаагаад байх юм гэж манай ээжийн дүү нь тоглоомоор ч юм уу, үнэнээр ч юм уу хэлдэг юм. Энийг уншиж байгаа та ч ингэж бодож байж магадгүй. Шавар хаагаад байгаа тухайгаа дараа нь өөр бичлэг оруулна аа.)

Нэг үеэ бодоход ийм газрууд олон болчихож.
Олшроод ирэхээр нь мэдээж голж шилж эхэлнэ гэсэн үг. Миний хувьд аль ч газрын тав тух, үйлчилгээг нь хамгийн түрүүнд харна. Тэгээд кофены амт, нарийн боов, тамхины утаа, хөгжим гээд үргэлжилнэ. Одоогоор хамгийн гайгүй санагддаг кофе хаусуудын талаар товч өгүүлье.

Nayra's- Барилгачдын талбайн хажууд
Нэлээн удаж байгаа кофе хаусуудын нэг байх. Хэт бүгчим байдгийг эс тооцвол эдний кофе, пицца, бэйкери нь дажгүй. Гэхдээ аймшгийн халуун болохоор удаан тухлаж чаддаггүй юм.

Michele's French bakery- Мөнгөн завъяагийн ард
Монголчууд цөөхөн ордог болохоор намайг хэр удаан сууж байна, хэнтэй юу ярьж байна гэж тоохгүй, дээрээс доошоо харах хүнгүй амар байдаг юм. Гэхдээ энэ нь би нээх болох бүтэхгүй хүнтэй ороод, дэмий балай юм ярьдаг гэсэн үг биш шүү. Зүгээр заримдаа хүнд өөрийн гэсэн pace хэрэгтэй байдаг ш дээ. Орчноосоо тасрах гэж нэрлэвэл зүгээр юм уу даа. Эдний chocolate croissant нь яг дөнгөж гарсан үедээ тасархай амттай.

Улаан Буудайн Үр- 5-р сургуулийн эсрэг талд
Энэ газрыг мэдэх хүн одоогоор ховор байх. Ашгийн зорилгоор ажиллуулдаггүй болоод ч тэр үү, үнийн хувьд хамгийн боломжийноор шалгаруулаад байгаа. Нэг американо, шоколадтай кейк 2 авахад нийлээд 2500 болж байсан. Хямдхан байгаа биз? Гэхдээ амт сайтай, бэйкеригээ яг америк жороор, өөрсдөө хийдэг. Бас Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх сонирхолтой хүмүүс энд очоод Америкчуудтай үнэ төлбөргүйгээр ярилцах боломжтой юм байна лээ. За, би олон юм яриад яахав, зүгээр л нэг шагайгаад үзээрэй. Таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Adesso- Их дэлгүүрийн зүүн талд, Гандирс төвийн 1 давхарт
Броколитой шөл, кофе, орчных нь талаар ярих юм байхгүй. Бэйкеригээ MonBakery-гээс авдаг болохоор нээх олигтой биш гэсэн үг. Бас нэг өөлөх юм нь K-pop дуунуудыг байдгаар нь чанга тавьчихна. Орох болгондоо шахуу хэд хэдэн удаа гуйж байж арай өөр юм тавиулдаг. Кофе хаус, K-Pop... яаж ч бодсон зохицохгүй ээ...

Бүр нарийн үнэлэмжийг доор хүснэгтээр оруулчихлаа. 1-10 гэсэн үнэлгээ өгсөн байгаа.
Жоохон зав гарсан юм аа... =))


Нэр

Үнэ

Тав тух

Хөгжим

Кофе

Бэйкери

Үйлчилгээ

Урамшуулал

Michele’s

8

2

4

7

8

6

0

Adesso

3~4

7

1

8

2

5

7

UB Hotel

5

6

2

6

4

4

0

Prince

6

8

8~9

4

7~8

7

0

On the Run

4~5

6~7

4~5

4~5

4~5

5

0

Best’presso

3~4

8~9

4~5

2~3

Café Amsterdam

3

4

3~4

2

3~4

2~3

0

Coffee Empire

2~4

3~4

4~5

4

Level Coffee Lounge

2~3

7~8

4

5

2

3~4

4

Улаан буудайн үр

9~10

6

6~7

7

7

5

Tuesday, October 6, 2009

Эгэл биш 'experience'


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар буюу "Шорон" гээч газар анх удаагаа очиж үзлээ. Очих очихдоо бүр дотор нь ороод, ял эдэлж буй 400 гаруй хүний ид дунд нь орж үзэхэд амар байсан гэж хэлвэл худал ярьсан болох байх.

Яагаад ийм газар яваад оччихсоныгоо яръя л даа. Америкаас Blue Sky Nine гэдэг acoustic rock хамтлаг Монголд ирж, 10-аад хоногийн турш хот, хөдөөд тоглолтоо сонирхуулж байгаа юм. Энэ хамтлагт орчуулга энэ тэр хийж туслаж, нэг ёсондоо "дагалдан баясч" байгаа юм л даа. Blue Sky Nine хамтлагийнхан бүгд Христэд итгэдэг, тоглолт хийхийн хажуугаар Сайн мэдээг ярих зорилготой. Тэгээд л уг ажлынх нь нэг хэсэг болох "Шорон"-д хийх тоглолтонд явсан минь энэ.

Үнэнийг хэлье. Надад үнэхээр эвгүй байсан. Хаа сайгүй халтар хувцастай, халзан толгойтой эрчүүд... Тэгээд мэдээж хэрэг нарсанд удсан хүмүүс эмэгтэй хүн харахаараа яахыг нь та гадарлаж байгаа байх. Би байдгаараа биеэ барьж байгаа нь ил байсан юм шиг байгаа юм. Манайхан техникээ залгаж, шалгаж байх хооронд хамтлагийн нэг эмэгтэй нь над дээр ирээд, анх шоронд тоглолт хийж байсан тухайгаа ярьсан юм. Тэр үед бас л биеэ барьж эвгүйцэж байсан гэнэ. Ямар ч эмэгтэй хүн угаасаа тэгнэ ш дээ. Тэгсэн чинь орохоос нь өмнө өөр нэг хүн, "Өнөөдөр олон ээж залбирлынхаа хариуг авах байх даа" гэж хэлсэн гэнэ. Тэгээд л, "нээрээ энэ хүмүүс хэн нэг хүний хүү, хэн нэгний аав, хэн нэгний дүү байгаа ш дээ" гэж бодоод ороход нөгөө эвгүйцсэн мэдрэмж нь алга болсон гэж надтай хуваалцлаа. Энэ нь надад бас үнэхээр тус болсон. Би шууд л нөгөө халтар хувцастай, халзан толгойтой эрчүүдийг хэн нэгний хүү гэсэн нүдээр харж эхлэв.

Хамтлагийн тоглолт ч эхэлж, баргийн ийм урлаг соёлын үзүүлбэр, тэр дундаа гадны хамтлагийн тоглолт үзэх боломж тохиогоод байдаггүй "нарсны" ах нар бөөн баяр. Дуу болгон дээр орилж, шүгэлдэж, алгаа ташаад л... Хэдэн дууны дараа хамтлагийн гитарчин залуу гэрчлэлээ хуваалцлаа. Орчлон ертөнцийг, бас биднийг бүтээсэн Эзэнтэй харилцах боломж танд ч бас байгаа гээд ярихад нь би тэднийг эсэргүүцэж, орилж хашгирах болов уу гэтэл тэгсэнгүй. Харин ч анхааралтай сонсож байх шиг. Үүний дараа Дэлхийн Зөнгөөс хуваарилж 8 ширхэг Библийг тарааж өгөхөд, тэд хоорондоо зодолдох нь холгүй юм болоход нь би бүр гайхсаныг нуух юун.

Шоронд тараагдсан Библийг тамхи ороож татах, жорлонгийн цаас болгох гэсэн хоёр замаар л ашигладаг байсан үе саяхан. Гэтэл одоо тэд Мөнхийн Эзэний үгийг авч уншихын тулд өөрт байгаа бүх мөнгөө ч өгөхөд бэлэн болж. Амьдралдаа нэг удаа алдсан хэдий ч, үнэнээр цангаж, одооноос эхлэн цорын ганц Үнэнийг мэдэж амьдрах хүслэн тэнд оргилж байгааг харахад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж байлаа.

Хамтлагийнхныг хамгийн сүүлийн дуугаа дууллаа гэхэд тэд бүгд "өөөөө, дахиулья аа" хэмээн орилолдож байсан. Тэгээд эцэст нь дахиулахын оронд талархах сэтгэлээ мөн дуугаар илэрхийлэхээр шийдсэн юм.
"...Хорвоод намар болдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээж ээ" хэмээн бүгд нэг зэрэг ээжийн тухай дуу дуулахад нь заримынх нь нүднээс харамсал, заримаас нь хайр, заримаас нь үзэн ядалт, заримаас нь өрөвч сэтгэл харагдаж байлаа. Үүнийг хараад зүрх өөрийн эрхгүй шимширч, бас эдгээр хүмүүсийг өрөвдөн хайрлаж байсан нь анх энэ газар орж ирэхэд төрж байснаас тэс өөр мэдрэмж байв.

Тоглолт дуусч, юмаа эмхлэн бид тэр газрыг орхисон хэдий ч, асар их итгэл найдвар үлдээгээд гарч буйгаа мэдэрч байсан юм. Бидний тусгасан өчүүхэн ч болов гэрэл улам бүр тодорч, тэр газрыг, тэнд хоригдож байгаа ах нарын сэтгэл зүрхийг гэрэлтүүлсэн хэвээр байгаасай...



Thursday, August 20, 2009

Амьдар

Алтан нарыг дахиж харахгүй мэт
Агаар гэдгийг дахиж амьсгалахгүй мэт
Ачит ээжийнхээ энгэрт дахин наалдахгүй мэт
Алдрай аавынхаа үглэхийг дахин сонсохгүй мэт...
Амьдар

Гадаа шуугих хүүхдүүдийг дахин тээршаахгүй мэт
Ганганан нисэх шувуудыг ахин анзаарахгүй мэт
Ганцаардах энэ мөчийг дахин мэдрэхгүй мэт
Гудамжинд зөрөх харцтай ахин тулахгүй мэт...
Амьдар

Халуун дулаан үгийг харамгүй хэл
Хамгаас хайртайгаа битгий гомдоо
Хэрэгтэй байгаа юмыг нь найздаа өг
Хоёр дахь боломж гэж байхгүй юм шиг л...
АМЬДАР - Амлая, харамсахгүй шүү

Wednesday, August 5, 2009

Зүрх чи...

Зүрх чи юу хүснэ вэ?
Зөөлөн дулаан үг үү?
Зүглэн ирэх хайрыг уу?
Зүгээр л амар тайвныг уу?

Дураараа дургин нисэхийг үү?
Дуулан наадан цэнгэхийг үү?
Дурлалдаа умбан жаргахыг уу?
Дуулим хорвоогоор тэнүүчлэхийг үү?

Элбэг хангалуун амьдрал ч
Эгэл бус хайр ч
Энэхэн сэтгэлд хангалтгүй
Эмтэрсэн зүрхийг илааршуулахгүй

Гагцхүү Бүтээгч Эзэнийх нь дуу хоолой
Гандашгүй халуун хайр энэрэл
Ганцхан түүнд хандсан үгс л
Гарцаагүй тайтгаруулж чадна энэ зүрхийг...

Tuesday, August 4, 2009

Цангаа

Цангаж байна би, цангаж байна
Цэнгэгээс цэнгэг ус ч
Цангааг минь тайлж дийлэхгүй нь

Өлсөж байна би, өлсөж байна
Өөлөх юмгүй амттай хоол ч
Өөдгүй энэ сэтгэлийг цатгаж чадахгүй нь

Ханахгүй байна би, ханахгүй байна
Хайр халамжаар дутаагүй ч
Ханхайсан энэ орон зайг дүүргэхэд
Хангалтгүй байна даанч

Тасралтгүй урсах амийн урсгалаараа
Та л намайг ундаалаач
Таны оршихуйгаас ирэх ганц л үг
Тайлагдашгүй энэ цангааг шийдэх хүч нь

Сүр жавхлант алдраа
Сэнтийгээсээ илгээгээч Та
Ханахаа мэддэггүй энэ зүрхийг
Халуун хайраараа дүүргээч Та

Monday, July 27, 2009

Охид...


Охид та нар ямар үзэсгэлэнтэй гээч... Та нарын жинхэнэ гоо үзэсгэлэнг ямар ч хувцас, ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн, ямар ч үнэтэй үс засалт чимж чадахгүй. Бас ямар ч хямдхан хувцас, хуучирсан үс засалт нууж чадахгүй. Та бид нар чинь "аймшигтай" бөгөөд "гайхамшигтайгаар" бүтээгдсэн шүү дээ. Харин тэр гоо үзэсгэлэнг олж харж чаддаг нь цөөхөн бөгөөд тэд нар азтай...

Би гудамжаар явахдаа эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг "олоод харчихдаг" юм. Битгий санаа зов, би эрэгтэй хүн сонирхдог л доо. Гэхдээ охин "харчаад" байдгийн =))

Инээмсэглэл тодруулсан, дотроосоо гэрэлтсэн, нүүрэнд нь баяр хөөр тодорсон охидыг хараад би өөрийн эрхгүй мангар хүн шиг ганцаараа мишээдэг. Харин амьдралын нугачаанд дарагдан, нүднийх нь гал бөхөөд, зовхи нь унжиж уйтгарт автсан эмэгтэйчүүдийг хараад, тэдэнд ямар гайхалтай хувь тавилантай, үзэсгэлэнтэй эмэгтэй болохыг нь хэлж ойлгуулмаар санагддаг.

Хэний ч олж хараагүй нууцлаг гоо үзэсгэлэнг чинь олж харах хүн нэг л өдөр гарч ирнэ. Тийм болохоор зүгээр л өөрөөрөө бай. Үүнийг би өөртөө ч гэсэн хэлж байна. Энэ дэлхий дээр та цорын ганц хувь учраас, хэн нэгнийг дуурайж, өөр хэн нэгэн болох гэсний хэрэггүй. Өөрийгөө хайрла, өөрийгөө энхрийл, хүн танд хэлэхгүй бол толинд харж байгаад өөрийгөө магт.

Эмэгтэйчүүд бид нар чинь азтай, хувьтай, үзэсгэлэнтэй, давтагдашгүй... хамгийн гол нь биднийг Хамгийн агуу Нэгэн үзэсгэлэнтэй гэж боддог, харамлаж хайрладаг (^_^)

Гэрээсээ Од кино театр хүртэл алхахад төрсөн бодол...

Гудамжаар алхахад барилга дээр ажиллаж байгаа Хятад нь ч юм уу, Монгол нь ч юм уу бүү мэд, хэн нэг нь тоосгоны хэлтэрхий, чулуу авч шиднэ...

Таксины жолооч нар нь хүнээс үйлчилгээний хөлс гэж давхар авч байгаагаа мэдэхгүй, гуйгаад байхад зохиолын дуу, эсвэл аймар хип хоп хамаг чангаар нь тавина... эсвэл замаасаа нэмж хүн авчаад ичих ч үгүй бүтэн хөлсөө нэхнэ...

Тайван алхая гэхээр дүү нартай минь чацуу "гудамжны" хүүхдүүд мөнгө гуйна, мөнгөний оронд барьж яваа идэх юмаа өгөхөөр тоохгүй ... мөнгө өгөхгүй бол цохино, юм булаана...

Машин замаар гарах гээд зогсож байхад микрийн цонхоор цэвэр бохир нь ч мэдэгдэхгүй шингэн юм цацна... за энэ гайгүй. Борооны дараа албаар хажуугаар өнгөрөхдөө хурдаа нэмж, ус цацдаг хүмүүсийг бол ойлгоход бэрх.

Дэлгүүрт орохоор худалдагч нар нь толгойноос өлмий хүртэл бүх юмыг шинжчихнэ...юм асуухаар дуугарч ядна...

Хоолны газрын зөөгчөөс авах ёстой үйлчилгээгээ авахын тулд өөрөө өмнө нь бөхөлзөх нь холгүй юм болно...

Өдөр болгон л болдог зүйлс. Улаанбаатар минь хүнийг стрессдүүлэх шалтгаанаар дүүрэн.
Гэхдээ гайхалтай нь, би энэ хотод гадны ямар ч соёлтой, хөгжилтэй хотуудаас илүү хайртай. Хаашаа ч явсан эргээд л би энд ирнэ. Дахиад л энэ бүхэнтэй тулна =)

Энэ шүлэг биш нь ойлгомжтой, би яруу найраг бичих авъяасгүй нь ч ойлгомжтой.
Энэ бол гомдоллол биш. Асуудал дэвшүүлсэн өгүүлэл ч биш.
Гэрээсээ Од кино театр хүртэл алхахад төрсөн бодол төдий.