
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар буюу "Шорон" гээч газар анх удаагаа очиж үзлээ. Очих очихдоо бүр дотор нь ороод, ял эдэлж буй 400 гаруй хүний ид дунд нь орж үзэхэд амар байсан гэж хэлвэл худал ярьсан болох байх.
Яагаад ийм газар яваад оччихсоныгоо яръя л даа. Америкаас Blue Sky Nine гэдэг acoustic rock хамтлаг Монголд ирж, 10-аад хоногийн турш хот, хөдөөд тоглолтоо сонирхуулж байгаа юм. Энэ хамтлагт орчуулга энэ тэр хийж туслаж, нэг ёсондоо "дагалдан баясч" байгаа юм л даа. Blue Sky Nine хамтлагийнхан бүгд Христэд итгэдэг, тоглолт хийхийн хажуугаар Сайн мэдээг ярих зорилготой. Тэгээд л уг ажлынх нь нэг хэсэг болох "Шорон"-д хийх тоглолтонд явсан минь энэ.
Үнэнийг хэлье. Надад үнэхээр эвгүй байсан. Хаа сайгүй халтар хувцастай, халзан толгойтой эрчүүд... Тэгээд мэдээж хэрэг нарсанд удсан хүмүүс эмэгтэй хүн харахаараа яахыг нь та гадарлаж байгаа байх. Би байдгаараа биеэ барьж байгаа нь ил байсан юм шиг байгаа юм. Манайхан техникээ залгаж, шалгаж байх хооронд хамтлагийн нэг эмэгтэй нь над дээр ирээд, анх шоронд тоглолт хийж байсан тухайгаа ярьсан юм. Тэр үед бас л биеэ барьж эвгүйцэж байсан гэнэ. Ямар ч эмэгтэй хүн угаасаа тэгнэ ш дээ. Тэгсэн чинь орохоос нь өмнө өөр нэг хүн, "Өнөөдөр олон ээж залбирлынхаа хариуг авах байх даа" гэж хэлсэн гэнэ. Тэгээд л, "нээрээ энэ хүмүүс хэн нэг хүний хүү, хэн нэгний аав, хэн нэгний дүү байгаа ш дээ" гэж бодоод ороход нөгөө эвгүйцсэн мэдрэмж нь алга болсон гэж надтай хуваалцлаа. Энэ нь надад бас үнэхээр тус болсон. Би шууд л нөгөө халтар хувцастай, халзан толгойтой эрчүүдийг хэн нэгний хүү гэсэн нүдээр харж эхлэв.
Хамтлагийн тоглолт ч эхэлж, баргийн ийм урлаг соёлын үзүүлбэр, тэр дундаа гадны хамтлагийн тоглолт үзэх боломж тохиогоод байдаггүй "нарсны" ах нар бөөн баяр. Дуу болгон дээр орилж, шүгэлдэж, алгаа ташаад л... Хэдэн дууны дараа хамтлагийн гитарчин залуу гэрчлэлээ хуваалцлаа. Орчлон ертөнцийг, бас биднийг бүтээсэн Эзэнтэй харилцах боломж танд ч бас байгаа гээд ярихад нь би тэднийг эсэргүүцэж, орилж хашгирах болов уу гэтэл тэгсэнгүй. Харин ч анхааралтай сонсож байх шиг. Үүний дараа Дэлхийн Зөнгөөс хуваарилж 8 ширхэг Библийг тарааж өгөхөд, тэд хоорондоо зодолдох нь холгүй юм болоход нь би бүр гайхсаныг нуух юун.
Шоронд тараагдсан Библийг тамхи ороож татах, жорлонгийн цаас болгох гэсэн хоёр замаар л ашигладаг байсан үе саяхан. Гэтэл одоо тэд Мөнхийн Эзэний үгийг авч уншихын тулд өөрт байгаа бүх мөнгөө ч өгөхөд бэлэн болж. Амьдралдаа нэг удаа алдсан хэдий ч, үнэнээр цангаж, одооноос эхлэн цорын ганц Үнэнийг мэдэж амьдрах хүслэн тэнд оргилж байгааг харахад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж байлаа.
Хамтлагийнхныг хамгийн сүүлийн дуугаа дууллаа гэхэд тэд бүгд "өөөөө, дахиулья аа" хэмээн орилолдож байсан. Тэгээд эцэст нь дахиулахын оронд талархах сэтгэлээ мөн дуугаар илэрхийлэхээр шийдсэн юм.
"...Хорвоод намар болдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээж ээ" хэмээн бүгд нэг зэрэг ээжийн тухай дуу дуулахад нь заримынх нь нүднээс харамсал, заримаас нь хайр, заримаас нь үзэн ядалт, заримаас нь өрөвч сэтгэл харагдаж байлаа. Үүнийг хараад зүрх өөрийн эрхгүй шимширч, бас эдгээр хүмүүсийг өрөвдөн хайрлаж байсан нь анх энэ газар орж ирэхэд төрж байснаас тэс өөр мэдрэмж байв.
Тоглолт дуусч, юмаа эмхлэн бид тэр газрыг орхисон хэдий ч, асар их итгэл найдвар үлдээгээд гарч буйгаа мэдэрч байсан юм. Бидний тусгасан өчүүхэн ч болов гэрэл улам бүр тодорч, тэр газрыг, тэнд хоригдож байгаа ах нарын сэтгэл зүрхийг гэрэлтүүлсэн хэвээр байгаасай...
1 comments:
sonirholtoi, bas setgel hudlum story baina. i think i could imagine how they were looking at you :) keep writing sister :)
Post a Comment