Tuesday, May 4, 2010
Дуртай
Monday, April 26, 2010
Monday, April 12, 2010
Мод

Мод гэдэг ургамал эцсээ хүртэл хэзээ ч бууж өгдөггүй гэнэ. Хэрэгтэй шим тэжээлээ олж аван автлаа гүний гүн дэх үндэс рүүгээ тэмүүлдэг гэнэ. Аадар бороо асган, хүчит шуурга шуурсан ч, бат бөх үндэстэй мод тэссээр л байдгийн учир энэ. Байгалийн гамшгийг тэсвэрлэн өнгөрөөх чадвар нь тухайн модны ил харагдах хэмжээ, сүр хүчнээс огт хамаардаггүй бөгөөд харин газар доорх үндсэнд нь бүх нууц оршдог байна. Тэгэхээр модны орших, эс орших нь уг мод харахад ямар сүрлэг, хараа булаам байхаас бус, үндэс нь хэрэгтэй эрдэс бодис, усаа авч чадаж байна уу гэдгээс л шалтгаална гэсэн үг.
Модны үндэс хамгийн чухал гэдгийг нэгдүгээр ангийн дүү маань ч мэдэх байх л даа. Харин энэ богинохон нийтлэл надад олныг бодогдуулсан юм. Миний амьдрал юунд үндэслэсэн байна вэ? Тэр үндэс хэр бат бөх, суурьтай, хэр гүнзгий байна вэ? Миний амьдрал Есүс Христ Их Эзэний хэзээ ч дуусашгүй амь амьдрал, амьд үг, хайранд үндэслэсэн байна уу? Эсвэл нэг л шуурганд нам цохигдох энэ дэлхийн нэр хүнд, эд баялагт үндэслэсэн байна уу?
Библийн Иеремиа номонд:
"Харин Мөнхийн Эзэнд найдан, Түүнд итгэлээ тавьдаг хүн ерөөлтэй еэ.
Тэрээр их усны дэргэд таригдаж, үндэс нь ус руу тэмүүлэх мод адил бөгөөд нар төөнөж халуу шатсан ч навчис нь үргэлж ногооноороо байна. Ган гачигийн жил болоход түгших зүйл үгүй агаад үр жимс ургуулахаа ч зогсохгүй."
гэжээ /Иеремиа 17:7-9, өөрийн орчуулга/.
Миний амьдрал яг л энэ мод мэт байгаасай гэж би хүсэж байна.
Тэр мод өдөр ирэх тусам цорын ганц Агуу Их Эзэний хайранд гүнзгийгээр үндэслэж, зөвхөн Түүний хайрын үр жимсийг ямар ч үед ургуулаасай. Халуу төөнөж ган гачиг болсон ч, хүчит салхи шууран аадар бороо цутгах мэт мөчүүд амьдралд тохиосон ч, далайн давалгаа түрэн ирж хамаг бүхнийг хуу хаман одсон ч, Агуу Түүний хайранд бат үндэслэгдсэн тэр мод хэзээ ч бүү ганхаасай.
Sunday, April 11, 2010
Friday, April 2, 2010
SET ASIDE
Tuesday, March 16, 2010
Гарчиггүй..
Би гэдэг хүн бага байхын л аливаа юмыг хийхдээ өөртөө итгэлтэй хүүхэд байж. Цэцэрлэг, дунд, ахлах сургуульд байхдаа хамгийн шилдэг нь болж гоцгойроод байхгүй ч, сурлага амжилтаараа эхний эгнээнд л явдаг байсан. Ээж аавынхаа ачаар идэж уух, өмсөх зүүхээр дутаагүй, бас тэд маань намайг муугүй хүмүүжил, боловсролтой болгож өсгөх гэж хичээсэнд нь би талархдаг. Би хаа ч явсан хүрээлэл сайтай, найз нөхөд, гэр бүлээр дутахгүй, “бүрэн бүтэн” явдаг байж. Харин юуг ч өөрийнхөө эсвэл ойр дотныхныхоо хүчээр болгочихно, хэзээ ч хоосон хонохгүй, ямагт тэргүүн эгнээнд явна гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил минь хожим надад гай болох юм гэж санасангүй явж.Их сургуулийн нэгдүгээр курсээ төгсөхийн алдад би амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргасан. Урт түүхийг товчлоод хэлэхэд би Аврагч Эзэнтэйгээ учирсан юм. Их Эзэнийхээ хайр, уучлалыг хүлээн авч, миний хувьд цоо шинэ амьдрал эхэлсний зэрэгцээ би өөрийгөө ямар их өөрчлөгдөх шаардлагатай байгааг Их Эзэний ариун үгнээс олж харсан. Ээж аав хоёрын маань салалт, тэр салалтын дараах амьдрал гээд олон шалтгааны улмаас би гэдэг хүн өсвөр насандаа буруу талруугаа нэлээн өөрчлөгдөөд авсаныгаа Их Эзэн дээр ирээд харсан юм. Ингээд би “өөрийгөө өөрчлөх” аянд ханцуй шамлан орсон юм даа.
Одоогоос 4, 5 жилийн өмнө юм уу даа, гурван хуудас дүүрэн төлөвлөгөө гаргаад, гэр бүл, зан чанар, харилцаа, үйлчлэл, боловсрол, карьер гээд амьдралынхаа аль хэсэгт яаж өөрчлөгдмөөр байгаагаа нэгд нэггүй, дэндүү гэмээр нарийн бичиж байсан маань одоо ч номын тавиурын хаа нэгтээ, аль нэг номон завсар байж л байгаа. Гурван хуудас төлөвлөгөөгөө бариад л, шинэ оны анхны өглөөг ямар цоглог угтаж байсныгаа ч саяхан юм шиг санаж байна. Тэгээд л амьдрал нэг хэсэгтээ л дүүрэн эрмэлзлэл, хийж бүтээх, өөрчлөгдөх гэсэн тэмүүлэлтэйгээр үргэлжилнэ. Нэг сар, хоёр сар өнгөрнө... Амьдрал дандаа сайхан байх биш, өдөр хоног өнгөрсөөр нэг мэдэхэд би гэдэг хүн нөгөө “төгс” төлөвлөгөөнийхөө яг эсрэгээр нь амьдарч байгаагаа харна. Тэгэх тоолондоо өөрийгөө зэмлэж, өөрөө өөртөө сахилгын шанаа нэгийг өгөөд, дараагийн өглөөг нөгөө “юуг ч өөрийхөө хүчээр болгочихно” гэсэн арвин их итгэлээр угтана. Хэсэг хугацаанд бүх зүйл аятайхан явж байтал би “хүн” юм болохоороо алдаа гаргана. Тэгээд л Их Эзэнийхээ өмнө уйлж унжаад л ирнэ, харин миний Их Эзэн энэрэнгүй, нигүүлсэнгүй юм болохоороо намайг уучлаад л, босгоод өгнө. Ингээд дахиад нэг удаа үзээд алдах оргилсон эрч хүчтэй болж, надаас илүү тэмүүлэлтэй, надаас илүү өөдрөг хүн байхгүй мэт л шинэ өдөртэй золгох боловч, төгс биш амьдрал төгс төлөвлөгөөг минь нураасаар... би өөрийнхөө хүчээр дахин боссоор...
Одоо харахад унах, бүтэлгүйтэх болгондоо би Их Эзэн дээрээ очиж, дахин эхлэх эрч хүчийг гуйдаг байсан ч, яг үнэндээ бага наснаасаа тээж ирсэн нөгөө өөртөө итгэх итгэл, бардам зангаараа л урагшлах гэж үзээд байсан байгаа юм. Хэдэн жилийн турш ийнхүү унаж боссоор, өнгөрсөн жилээс эхлээд миний хүч чадал барагдаж эхэллээ. Намайг сорьсон олон ч үйл явдал амьдралд минь тохиож, сүүлдээ надад дахин эхлэх, дахин босох эрмэлзлэл, тэмүүлэл гэх юм үлдэхгүй болж байх шиг санагдаж эхэлсэн... Тэмүүлэлгүй амьдрал гэдэг ямар аймшигтайг та гадарлаж байгаа байх. Магадгүй Их Эзэн минь энэ үеийг л хүлээж байсан байх. Тэр өмнө нь надад үүнийг ойлгуулах гэж оролдох тоолонд нь би өөрийнхөө чадалд бардаж, Их Эзэнийг түлхдэг байснаа олж харсан.
Орчлон ертөнцийг бүтээсэн цорын ганц Мөнхийн Эзэнд итгэдэг гэж тунхагладаг атлаа яг иймэрхүү унаж боссон амьдралаар саяхныг болтол амьдарсан гэдгээ би нуухгүй ээ. Харин өөрийнхөө хүчээр би өөрийгөө огтхон ч өөрчилж чадахгүй юм байна гэдгээ ойлгоод шалдаа бууж, Их Эзэнийхээ өмнө ямар ч өөртөө итгэх итгэлгүйгээр, бардам зангүйгээр, гар хоосон ирэхэд Тэр Өөрөө хэзээ ч дуусашгүй, юунд ч мохошгүй, минийхээс тэс өөр, цоо шинэ хүч чадлаа надад өгч байгааг би мэдэрч эхэлсэн.
Шинэ оныг асар их эрч хүч, өөрчлөгдөх, өөрчлөх арвин эрмэлзлэлтэйгээр угтдаг байсан би гэдэг хүн 2010 оныг маш амар тайван угтсан санагдаж байна. Сэтгэл догдлол, уйтгар гунигийн аль аль нь тийм ч хүчтэй байгаагүй. Зүгээр л нэг өдөр өнгөрч, дахиад нэг өдөр эхэлж байгаа мэтээр угтсан. Энэ ер бусын амар тайван байдал би ямар ч чадвартай, тэсвэртэй, хүрээлэл сайтай, өөртөө итгэлтэй байсан хамаагүй өөрийгөө өөрчилж чадахгүй юм байна гэсэн бусдын нүдэнд "сул дорой" мэт боловч, Их Эзэний нүдэнд үзэсгэлэнтэй зүрх сэтгэлээс гарсан байх. Нэг үгээр хэлэхэд амьдрал маань "энгийн" болсон байлаа. Энгийн байна гэдэг чинь их сайхан зүйл юм билээ :)
Унаж боссон миний амьдралын дүр зураг танд танил санагдаж байна уу? Өөрийнхөө хүчээр амьдралаа өөрчилж чадахгүйдээ та гутарч үзсэн үү? Тэгвэл төгс амар тайвныг өгөгч Их Эзэн таныг гараа дэлгээд хүлээж байна.
"Сул дорой, дарамтанд орсон хүмүүс ээ, Над руу ир. Би та нарт амар тайвныг өгье" гэж Тэр хэлж байна...
Амжилт хүсье!