Thursday, August 20, 2009

Амьдар

Алтан нарыг дахиж харахгүй мэт
Агаар гэдгийг дахиж амьсгалахгүй мэт
Ачит ээжийнхээ энгэрт дахин наалдахгүй мэт
Алдрай аавынхаа үглэхийг дахин сонсохгүй мэт...
Амьдар

Гадаа шуугих хүүхдүүдийг дахин тээршаахгүй мэт
Ганганан нисэх шувуудыг ахин анзаарахгүй мэт
Ганцаардах энэ мөчийг дахин мэдрэхгүй мэт
Гудамжинд зөрөх харцтай ахин тулахгүй мэт...
Амьдар

Халуун дулаан үгийг харамгүй хэл
Хамгаас хайртайгаа битгий гомдоо
Хэрэгтэй байгаа юмыг нь найздаа өг
Хоёр дахь боломж гэж байхгүй юм шиг л...
АМЬДАР - Амлая, харамсахгүй шүү

Wednesday, August 5, 2009

Зүрх чи...

Зүрх чи юу хүснэ вэ?
Зөөлөн дулаан үг үү?
Зүглэн ирэх хайрыг уу?
Зүгээр л амар тайвныг уу?

Дураараа дургин нисэхийг үү?
Дуулан наадан цэнгэхийг үү?
Дурлалдаа умбан жаргахыг уу?
Дуулим хорвоогоор тэнүүчлэхийг үү?

Элбэг хангалуун амьдрал ч
Эгэл бус хайр ч
Энэхэн сэтгэлд хангалтгүй
Эмтэрсэн зүрхийг илааршуулахгүй

Гагцхүү Бүтээгч Эзэнийх нь дуу хоолой
Гандашгүй халуун хайр энэрэл
Ганцхан түүнд хандсан үгс л
Гарцаагүй тайтгаруулж чадна энэ зүрхийг...

Tuesday, August 4, 2009

Цангаа

Цангаж байна би, цангаж байна
Цэнгэгээс цэнгэг ус ч
Цангааг минь тайлж дийлэхгүй нь

Өлсөж байна би, өлсөж байна
Өөлөх юмгүй амттай хоол ч
Өөдгүй энэ сэтгэлийг цатгаж чадахгүй нь

Ханахгүй байна би, ханахгүй байна
Хайр халамжаар дутаагүй ч
Ханхайсан энэ орон зайг дүүргэхэд
Хангалтгүй байна даанч

Тасралтгүй урсах амийн урсгалаараа
Та л намайг ундаалаач
Таны оршихуйгаас ирэх ганц л үг
Тайлагдашгүй энэ цангааг шийдэх хүч нь

Сүр жавхлант алдраа
Сэнтийгээсээ илгээгээч Та
Ханахаа мэддэггүй энэ зүрхийг
Халуун хайраараа дүүргээч Та