Monday, April 26, 2010

Jesus, draw me ever nearer

Close your eyes, listen and feel the spirit of this song



Monday, April 12, 2010

Мод

Мод гэдэг ургамал эцсээ хүртэл хэзээ ч бууж өгдөггүй гэнэ. Хэрэгтэй шим тэжээлээ олж аван автлаа гүний гүн дэх үндэс рүүгээ тэмүүлдэг гэнэ. Аадар бороо асган, хүчит шуурга шуурсан ч, бат бөх үндэстэй мод тэссээр л байдгийн учир энэ. Байгалийн гамшгийг тэсвэрлэн өнгөрөөх чадвар нь тухайн модны ил харагдах хэмжээ, сүр хүчнээс огт хамаардаггүй бөгөөд харин газар доорх үндсэнд нь бүх нууц оршдог байна. Тэгэхээр модны орших, эс орших нь уг мод харахад ямар сүрлэг, хараа булаам байхаас бус, үндэс нь хэрэгтэй эрдэс бодис, усаа авч чадаж байна уу гэдгээс л шалтгаална гэсэн үг.

Модны үндэс хамгийн чухал гэдгийг нэгдүгээр ангийн дүү маань ч мэдэх байх л даа. Харин энэ богинохон нийтлэл надад олныг бодогдуулсан юм. Миний амьдрал юунд үндэслэсэн байна вэ? Тэр үндэс хэр бат бөх, суурьтай, хэр гүнзгий байна вэ? Миний амьдрал Есүс Христ Их Эзэний хэзээ ч дуусашгүй амь амьдрал, амьд үг, хайранд үндэслэсэн байна уу? Эсвэл нэг л шуурганд нам цохигдох энэ дэлхийн нэр хүнд, эд баялагт үндэслэсэн байна уу?

Библийн Иеремиа номонд:

"Харин Мөнхийн Эзэнд найдан, Түүнд итгэлээ тавьдаг хүн ерөөлтэй еэ.

Тэрээр их усны дэргэд таригдаж, үндэс нь ус руу тэмүүлэх мод адил бөгөөд нар төөнөж халуу шатсан ч навчис нь үргэлж ногооноороо байна. Ган гачигийн жил болоход түгших зүйл үгүй агаад үр жимс ургуулахаа ч зогсохгүй."

гэжээ /Иеремиа 17:7-9, өөрийн орчуулга/.

Миний амьдрал яг л энэ мод мэт байгаасай гэж би хүсэж байна.

Тэр мод өдөр ирэх тусам цорын ганц Агуу Их Эзэний хайранд гүнзгийгээр үндэслэж, зөвхөн Түүний хайрын үр жимсийг ямар ч үед ургуулаасай. Халуу төөнөж ган гачиг болсон ч, хүчит салхи шууран аадар бороо цутгах мэт мөчүүд амьдралд тохиосон ч, далайн давалгаа түрэн ирж хамаг бүхнийг хуу хаман одсон ч, Агуу Түүний хайранд бат үндэслэгдсэн тэр мод хэзээ ч бүү ганхаасай.

Sunday, April 11, 2010

None but Jesus

Friday, April 2, 2010

SET ASIDE

Блогийнхоо theme picture буюу энэ бичлэгийн дээр цаашаа хараад сууж байгаа охины зурганд би их дуртай. Энэ зургийг хараад л блог-тоо Set Aside гэж нэр өгөх санаа анх төрсөн юм.

Хүн гэдэг нийгмийн амьтан. Хүн ганцаараа байхаар бүтээгдээгүй, харин олуулаа байж, хамтрагчтай байхдаа илүү үр бүтээлтэй, утга учиртай амьдардаг, бас хүн хүнээ хайрлахаар бүтээгдсэн гэдэгт би мэдээж итгэдэг. Гэхдээ хүнд ганцаараа байж, (ганцаараа гэдэг нь Есүст итгэгчдийн хувьд Их Эзэнтэйгээ гэсэн ойлголт болно байх) олныг тунгаан, зүрх сэтгэл рүүгээ өнгийн харах цаг ч бас зайлшгүй чухал гэж би боддог. Тийм ч учраас Set Aside буюу ганцаараа тусгаарлагдсан байх цаг мөчүүд минь надад үнэ цэнэтэй.

Өдөр ирэх тусам нийгэм өөрчлөгдөж, нэг л мэдэхэд бидний амьдрал танил нөхөд, ажлын хамтрагч, техник технологи, зугаа цэнгэл, зорилго зорилтоор дүүрчихсэн байдаг. Үүнд мэдээж сайн талууд байгаа хэдий ч, "Set Aside" байх цагаас минь хомсолж, миний амьдралыг дэндүү завгүй, дэндүү их чимээ шуугиантай, зугаатай хөгжилтэй болгож орхих вий хэмээн би болгоомжилдог юм. Тийм ч учраас саяхан фэйсбүүк-ээс бүртгэлээ хасчихсан. Фэйсбүүкт ямар ч буруу байхгүй шүү, намайг зөвөөр ойлгоорой. Харин ч олон найз нөхөдтэй маань цаг алдалгүй холбож, сонин хачныг нь сонордуулж байдагт нь баярладаг. Шуудхан хэлэхэд хэрэглээндээ хязгаар тавьж чадахгүй арчаагүй зангаасаа болж нэг хэсэгтээ фэйсбүүкээр эргэлдэх эрхээ хассан гэж хэлэхэд болно байх. Deactivate гэсэн ганц товчлуурыг дарахад л надад Set Aside байх цөөнгүй хором нэмэгдэж байгаа нь тэр. Зөвхөн фэйсбүүк ч биш, өөр зарим нэг юманд цэг тавьж, баяртай гэж хэлж сурч байна.

Амьдрал сатаарах зүйлээр дэндүү гэмээр дүүрэн юм. Үе үе амьдралаа нэг сайн шалгаж, юунд ихэнх цагаа зориулж байна, бодлын шувуухай хаагуур эргэлдэж байна, зүрх сэтгэл юугаар дүүрэн байна, амнаас минь юу гарч байна гээд анзаарч мэдэж байсан нь зөв юм байна. Энэ үнэнг ч бас ганцаараа байхдаа л олж харлаа.

Дээр сууж байгаа охины зургийг дахиад нэг хар даа. Юунд ч яараагүй амар тайван, чимээ аниргүй байдал мэдрэгдэж байгаа биз? Яг ийм цаг мөч та хамгийн сүүлд хэзээ гаргасан бэ? Гаргаж амжаагүй бол дараагийн уулзалтаа түр хойшлуулаад, Их Эзэнтэйгээ л хамт байх Set Aside цагийг гаргаарай. Харамсахгүй гэдэгт би итгэлтэй байна...