Би улс төр сонирхдог хүн биш. Худалч хүнд ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын даргын нэрнээс цааш мэдэх зүйл ховор гэхэд хислдэхгүй. Эх орондоо хайргүй, үндэсний үзэлгүй, ухаан богинотой, үс урттай гээд юу ч гэж дуудсан болно, уучлаарай, гэхдээ би улс төр сонирхдоггүй гэдгээ нуухгүй. Яагаад гээч? Уржигдар өглөө таксинд суулаа. Таксины жолооч 50 эргэм насны нүдэнд дулаахан ах байна. Хөдлөөд удаагүй байтал нөгөө ах яриа өдөж, "УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүс сурталчилгааныхаа мөнгийг хаанаас олдог юм бол?" гэнэ. Ганцаараа машинд явсаар байгаад хэнтэй ч, юу ч хамаагүй ярьмаар болчихдог "чалчаа" жолооч нар байдаг даа. Чалчмаар байлаа гэхэд юун ч улс төрсөг юм билээ дээ гэж бодонгоо би их дурамжхан, "За мэдэхгүй юм даа, ах минь. Намаас нь гаргадаг биз, бас ивээн тэтгэгч энэ тэр гэж байдаг юм шиг байна лээ ш дээ" гээд нэг их ач холбогдол өгөлгүй, ёсыг бодож хариуллаа.
Гэтэл ах хүү, "Өчигдөр шөнө харин хаалга тогшоод... Нэр дэвшигч Д. Зоригтыг дэмжээрэй гээд манай ам бүлд 180 мянган төгрөг өгсөн. Манайх эхнэр, 2 хүү, бэртэйгээ амьдардаг юм. Зүв зүгээр сууж байгаад 180 мянган төгрөгтэй болчихлоо шүү дээ" гэх нь тэр. Ингэж хэлэхэд нь ахаас сэтгэл хөдөлсөн шинж ажиглагдсангүй. Харин ч харууссан, бүр дургүйцсэн янзтай хэлж байв. "Уг нь насаараа МАХН-ыг дэмжсэн ах нь Зоригтод саналаа өгнө гэж бодож байсан болихоор шийдсээн. Гэрийнхнээсээ нууж байгаад АН-ы Бурмаа ч билүү тэрэнд л өгөхөөс" гэж хэлэхэд түүний хоолойн өнгөнөөс насаараа дэмжсэн нам, төрдөө гомдсон гомдол сонсогдох шиг болсон.
Угаасаа бүгд л мөнгө өгдөг ш дээ гэж та хэлэх байх. Би ч бишгүй сонсож байсан л даа. Гэхдээ анх удаа ийм жишээтэй бодитоор таарсан минь энэ. Өдрийнхөө талхны мөнгийг салж унах дөхсөн ямбий тэргээрээ залгуулдаг энэ ахад зүгээр орж ирсэн 180 мянган хар төгрөгнөөс илүү "үнэн" чухал байсан.

"Man of the year" гээд киног дөнгөж сая үзээд дууслаа.
Алдартай шоуны хөтлөгч, инээдмийн жүжигчин ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд, саналын системийн алдаанаас болоод сонгуульд ялж байгаа тухай гардаг юм. Тэр төгс харагдахыг хичээлгүйгээр сэтгүүлчдэд хар тамхи хэрэглэдэг байсан, гэмт хэрэгт орооцолдож, биеэ үнэлж хүртэл үзсэнээ нуулгүй хэлнэ. Түүний энэ алиа хошин зан, үнэнийг шулуухан хэлдэг чанар нь хүмүүст таалагддаг. Ганцхан эмэгтэй амыг хамхиад, агуу гүрний ерөнхийлөгч болох боломж түүнд байсан ч, тэр бүх үнэнийг хэлээд асар том боломжоос сайн дураараа татгалзаж, инээдмийн жүжигчин хэвээр үлдэж байгаагаар кино төгсөнө.
Энэ мэдээж кино. Гэхдээ ийм л зүйлийг хүмүүс хүсэж байна. Зөвхөн таксины жолооч ах ч биш, ард түмэн бүгд үүнийг хүсэж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Өөрийгөө боловсрол өндөртэй, бусдаас ялгаатай гэж тунхаглан, үнэн худал нь мэдэгдэхгүй, энгийн ард ч ойлгохгүй "том том" ярьсан костюмтай хүмүүсийн худал үг, халтар төгрөгийг биш, үнэнийг. Ард түмэн үнэнээр цангаж байна шүү дээ. Хэдэн төгрөгний авилга авч, юу идэж ууснаа нууж хаалгүй хэлээд, ард түмнийхээ өмнө уйлаад уучлалт гуйх зүрх сэтгэлтэй хүн ганц ч байхгүй юм гэж үү? Өөрийнхөө эрх ашгаас илүү, нэр төр нь навс унаж, шоронд орохоос ч үл айн үнэнийг хэлэх аавын хүү, ээжийн охин Монголд алга гэж үү?
Байгаа гэж би бүрэн дүүрэн итгэж байна. Цаг нь болохоор тэд үнэн хэмээх ямар ч мөнгө, арга мэхээс илүү хүчтэй зэвсгээ барин гарч ирээд, эх орноо өөрчилнө гэдэгт би итгэж байна. Тэр цаг ойрхон байж, хүмүүсийн цангааг хурдан тайлаасай гэж бас хүсэж байна. Тэр цагт магадгүй би улс төр сонирхож эхэлж болох л юм. Эсвэл дараагийн "Man of the year" болоод, нэрээ дэвшүүлж ч магадгүй...
За за, сүүлийн өгүүлбэр тоглоом байлаа =))
0 comments:
Post a Comment