skip to main |
skip to sidebar
Охид та нар ямар үзэсгэлэнтэй гээч... Та нарын жинхэнэ гоо үзэсгэлэнг ямар ч хувцас, ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн, ямар ч үнэтэй үс засалт чимж чадахгүй. Бас ямар ч хямдхан хувцас, хуучирсан үс засалт нууж чадахгүй. Та бид нар чинь "аймшигтай" бөгөөд "гайхамшигтайгаар" бүтээгдсэн шүү дээ. Харин тэр гоо үзэсгэлэнг олж харж чаддаг нь цөөхөн бөгөөд тэд нар азтай...Би гудамжаар явахдаа эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг "олоод харчихдаг" юм. Битгий санаа зов, би эрэгтэй хүн сонирхдог л доо. Гэхдээ охин "харчаад" байдгийн =))Инээмсэглэл тодруулсан, дотроосоо гэрэлтсэн, нүүрэнд нь баяр хөөр тодорсон охидыг хараад би өөрийн эрхгүй мангар хүн шиг ганцаараа мишээдэг. Харин амьдралын нугачаанд дарагдан, нүднийх нь гал бөхөөд, зовхи нь унжиж уйтгарт автсан эмэгтэйчүүдийг хараад, тэдэнд ямар гайхалтай хувь тавилантай, үзэсгэлэнтэй эмэгтэй болохыг нь хэлж ойлгуулмаар санагддаг.Хэний ч олж хараагүй нууцлаг гоо үзэсгэлэнг чинь олж харах хүн нэг л өдөр гарч ирнэ. Тийм болохоор зүгээр л өөрөөрөө бай. Үүнийг би өөртөө ч гэсэн хэлж байна. Энэ дэлхий дээр та цорын ганц хувь учраас, хэн нэгнийг дуурайж, өөр хэн нэгэн болох гэсний хэрэггүй. Өөрийгөө хайрла, өөрийгөө энхрийл, хүн танд хэлэхгүй бол толинд харж байгаад өөрийгөө магт.Эмэгтэйчүүд бид нар чинь азтай, хувьтай, үзэсгэлэнтэй, давтагдашгүй... хамгийн гол нь биднийг Хамгийн агуу Нэгэн үзэсгэлэнтэй гэж боддог, харамлаж хайрладаг (^_^)
Гудамжаар алхахад барилга дээр ажиллаж байгаа Хятад нь ч юм уу, Монгол нь ч юм уу бүү мэд, хэн нэг нь тоосгоны хэлтэрхий, чулуу авч шиднэ...Таксины жолооч нар нь хүнээс үйлчилгээний хөлс гэж давхар авч байгаагаа мэдэхгүй, гуйгаад байхад зохиолын дуу, эсвэл аймар хип хоп хамаг чангаар нь тавина... эсвэл замаасаа нэмж хүн авчаад ичих ч үгүй бүтэн хөлсөө нэхнэ...Тайван алхая гэхээр дүү нартай минь чацуу "гудамжны" хүүхдүүд мөнгө гуйна, мөнгөний оронд барьж яваа идэх юмаа өгөхөөр тоохгүй ... мөнгө өгөхгүй бол цохино, юм булаана...Машин замаар гарах гээд зогсож байхад микрийн цонхоор цэвэр бохир нь ч мэдэгдэхгүй шингэн юм цацна... за энэ гайгүй. Борооны дараа албаар хажуугаар өнгөрөхдөө хурдаа нэмж, ус цацдаг хүмүүсийг бол ойлгоход бэрх.Дэлгүүрт орохоор худалдагч нар нь толгойноос өлмий хүртэл бүх юмыг шинжчихнэ...юм асуухаар дуугарч ядна...Хоолны газрын зөөгчөөс авах ёстой үйлчилгээгээ авахын тулд өөрөө өмнө нь бөхөлзөх нь холгүй юм болно...Өдөр болгон л болдог зүйлс. Улаанбаатар минь хүнийг стрессдүүлэх шалтгаанаар дүүрэн.Гэхдээ гайхалтай нь, би энэ хотод гадны ямар ч соёлтой, хөгжилтэй хотуудаас илүү хайртай. Хаашаа ч явсан эргээд л би энд ирнэ. Дахиад л энэ бүхэнтэй тулна =)Энэ шүлэг биш нь ойлгомжтой, би яруу найраг бичих авъяасгүй нь ч ойлгомжтой.Энэ бол гомдоллол биш. Асуудал дэвшүүлсэн өгүүлэл ч биш.Гэрээсээ Од кино театр хүртэл алхахад төрсөн бодол төдий.