Хүмүүс олон төрлийн мэдлэг чадвараа дээшлүүлэхийн тулд уншиж судлахыг эрхэмлэдэг. Харин үерхэл нөхөрлөл, харилцааны тал дээр суралцахаар ном уншдаг хүнийг би тийм ч олон мэдэхгүй юм байна. Гэтэл үнэн хэрэгтээ энэ чинь эзэмшиж болох ямар ч чадвар мэдлэгээс илүү чухал зүйл биш гэж үү? Зарим хүн хэлэх байх л даа, хүнтэй яаж харьцахыг, хэрхэн хайрлаж дурлахыг номоор заалгаад байхдаа яахав дээ, хүн болж төрсөн бол энийг өөрсдөө мэдэх ёстой гэж. Хэрэв тийм юм бол яагаад өнөөдөр нийгэмд гэр бүл салалт буурах биш нэмэгдэж, үүнээс болоод олон мянган хүүхэд хохирч, олон мянган зүрх шархалдаг гэж та бодож байна? Гэр бүл салалтын үр дагавар зөвхөн энэ биш шүү дээ. Мэдээж ганц ном энэ бүхнийг шийдэхгүй. Гэхдээ хэрэв та гэрлэж амжаагүй бол амьдралын хоёр дахь чухал шийдвэрээ гаргахаасаа өмнө энэ номыг заавал уншаарай гэж санал болгож байна.Доктор Хенри Клауд, Жон Таунсенд нарын "Хил Хязгаар" нэртэй цуврал нь олон хүний таашаалыг хүртэж, олон ч шагнал авч байсан. Энэ цуврал эхнээсээ Монгол хэлнээ орчуулагдан гарч байна. Миний хувьд эхлээд "Хүүхдээ хэрхэн эх захтай хүмүүжүүлэх вэ?" буюу "Boundaries with kids"-г нь уншсан. Би одоогоор хүүхэдгүй ч гэлээ олон юм сурсан шүү. Тэгээд "Boundaries in Dating"-г олж унших юм сан гэж бодож байтал саяхан номын дэлгүүрт гарсан байхыг нь хараад жигтэйхэн олзуурхаж авсан юм. Олзуурхсан нь ч зөв байсан байна лээ.
"Үерхэл нөхөрлөлд тавигдах хил хязгаар" гэсэн энэ номонд үерхдэг хосуудын гаргадаг нийтлэг алдаа, тэдгээрийн учир шалтгааныг бодиит жишээгээр тайлбарлаж, шийдлүүдийг заасан байна.
Ер нь "Хил Хязгаар" цувралын гол санаа нь бид амьдралдаа зөв хил хязгаарыг тогтоож чадвал, олон муу зүйлээс өөрийгөө хамгаалж болохоос гадна, зөв шийдвэрүүдийг гаргаж, нэг ёсондоо илүү дээр, илүү их эрх чөлөөг эдэлж амьдрахад тус болно гэсэн санаа. Би номны агуулгын талаар ярьвал дэндүү нурших гээд байна, тиймээс та өөрөө сонирхоод нэг үзээрэй.
Баянгол зочид буудлын хойд талын 3 давхар шар байрны зүүн талаас ордог хаалгатай SU номын дэлгүүрт 2500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Ийм хямд худалдаж байгааг нь бодоход ашиг хараагүй, аль болох олон хүнд энэ тустай зөвлөмж, зарчмуудыг хүргэхийг хүссэн нь ойлгомжтой.
Танд амжилт хүсье!
Жич: Бичлэгийнхээ гарчигийг "Ганц бие хүмүүсийн заавал унших ном" гэж байсныг "Гэрлэж амжаагүй хүмүүсийн..." болгож өөрчиллөө. Одоо үерхэж байгаа, гэрлэнэ гэж төлөвлөж байгаа хосууд уншвал бүр ч илүү ашиг тусаа өгөх байх :)
1 comments:
File aar yaj unshih ve ?
Post a Comment