Tuesday, March 16, 2010

Гарчиггүй..

Би гэдэг хүн бага байхын л аливаа юмыг хийхдээ өөртөө итгэлтэй хүүхэд байж. Цэцэрлэг, дунд, ахлах сургуульд байхдаа хамгийн шилдэг нь болж гоцгойроод байхгүй ч, сурлага амжилтаараа эхний эгнээнд л явдаг байсан. Ээж аавынхаа ачаар идэж уух, өмсөх зүүхээр дутаагүй, бас тэд маань намайг муугүй хүмүүжил, боловсролтой болгож өсгөх гэж хичээсэнд нь би талархдаг. Би хаа ч явсан хүрээлэл сайтай, найз нөхөд, гэр бүлээр дутахгүй, “бүрэн бүтэн” явдаг байж. Харин юуг ч өөрийнхөө эсвэл ойр дотныхныхоо хүчээр болгочихно, хэзээ ч хоосон хонохгүй, ямагт тэргүүн эгнээнд явна гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил минь хожим надад гай болох юм гэж санасангүй явж.

Их сургуулийн нэгдүгээр курсээ төгсөхийн алдад би амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргасан. Урт түүхийг товчлоод хэлэхэд би Аврагч Эзэнтэйгээ учирсан юм. Их Эзэнийхээ хайр, уучлалыг хүлээн авч, миний хувьд цоо шинэ амьдрал эхэлсний зэрэгцээ би өөрийгөө ямар их өөрчлөгдөх шаардлагатай байгааг Их Эзэний ариун үгнээс олж харсан. Ээж аав хоёрын маань салалт, тэр салалтын дараах амьдрал гээд олон шалтгааны улмаас би гэдэг хүн өсвөр насандаа буруу талруугаа нэлээн өөрчлөгдөөд авсаныгаа Их Эзэн дээр ирээд харсан юм. Ингээд би “өөрийгөө өөрчлөх” аянд ханцуй шамлан орсон юм даа.

Одоогоос 4, 5 жилийн өмнө юм уу даа, гурван хуудас дүүрэн төлөвлөгөө гаргаад, гэр бүл, зан чанар, харилцаа, үйлчлэл, боловсрол, карьер гээд амьдралынхаа аль хэсэгт яаж өөрчлөгдмөөр байгаагаа нэгд нэггүй, дэндүү гэмээр нарийн бичиж байсан маань одоо ч номын тавиурын хаа нэгтээ, аль нэг номон завсар байж л байгаа. Гурван хуудас төлөвлөгөөгөө бариад л, шинэ оны анхны өглөөг ямар цоглог угтаж байсныгаа ч саяхан юм шиг санаж байна. Тэгээд л амьдрал нэг хэсэгтээ л дүүрэн эрмэлзлэл, хийж бүтээх, өөрчлөгдөх гэсэн тэмүүлэлтэйгээр үргэлжилнэ. Нэг сар, хоёр сар өнгөрнө... Амьдрал дандаа сайхан байх биш, өдөр хоног өнгөрсөөр нэг мэдэхэд би гэдэг хүн нөгөө “төгс” төлөвлөгөөнийхөө яг эсрэгээр нь амьдарч байгаагаа харна. Тэгэх тоолондоо өөрийгөө зэмлэж, өөрөө өөртөө сахилгын шанаа нэгийг өгөөд, дараагийн өглөөг нөгөө “юуг ч өөрийхөө хүчээр болгочихно” гэсэн арвин их итгэлээр угтана. Хэсэг хугацаанд бүх зүйл аятайхан явж байтал би “хүн” юм болохоороо алдаа гаргана. Тэгээд л Их Эзэнийхээ өмнө уйлж унжаад л ирнэ, харин миний Их Эзэн энэрэнгүй, нигүүлсэнгүй юм болохоороо намайг уучлаад л, босгоод өгнө. Ингээд дахиад нэг удаа үзээд алдах оргилсон эрч хүчтэй болж, надаас илүү тэмүүлэлтэй, надаас илүү өөдрөг хүн байхгүй мэт л шинэ өдөртэй золгох боловч, төгс биш амьдрал төгс төлөвлөгөөг минь нураасаар... би өөрийнхөө хүчээр дахин боссоор...

Одоо харахад унах, бүтэлгүйтэх болгондоо би Их Эзэн дээрээ очиж, дахин эхлэх эрч хүчийг гуйдаг байсан ч, яг үнэндээ бага наснаасаа тээж ирсэн нөгөө өөртөө итгэх итгэл, бардам зангаараа л урагшлах гэж үзээд байсан байгаа юм. Хэдэн жилийн турш ийнхүү унаж боссоор, өнгөрсөн жилээс эхлээд миний хүч чадал барагдаж эхэллээ. Намайг сорьсон олон ч үйл явдал амьдралд минь тохиож, сүүлдээ надад дахин эхлэх, дахин босох эрмэлзлэл, тэмүүлэл гэх юм үлдэхгүй болж байх шиг санагдаж эхэлсэн... Тэмүүлэлгүй амьдрал гэдэг ямар аймшигтайг та гадарлаж байгаа байх. Магадгүй Их Эзэн минь энэ үеийг л хүлээж байсан байх. Тэр өмнө нь надад үүнийг ойлгуулах гэж оролдох тоолонд нь би өөрийнхөө чадалд бардаж, Их Эзэнийг түлхдэг байснаа олж харсан.

Орчлон ертөнцийг бүтээсэн цорын ганц Мөнхийн Эзэнд итгэдэг гэж тунхагладаг атлаа яг иймэрхүү унаж боссон амьдралаар саяхныг болтол амьдарсан гэдгээ би нуухгүй ээ. Харин өөрийнхөө хүчээр би өөрийгөө огтхон ч өөрчилж чадахгүй юм байна гэдгээ ойлгоод шалдаа бууж, Их Эзэнийхээ өмнө ямар ч өөртөө итгэх итгэлгүйгээр, бардам зангүйгээр, гар хоосон ирэхэд Тэр Өөрөө хэзээ ч дуусашгүй, юунд ч мохошгүй, минийхээс тэс өөр, цоо шинэ хүч чадлаа надад өгч байгааг би мэдэрч эхэлсэн.

Шинэ оныг асар их эрч хүч, өөрчлөгдөх, өөрчлөх арвин эрмэлзлэлтэйгээр угтдаг байсан би гэдэг хүн 2010 оныг маш амар тайван угтсан санагдаж байна. Сэтгэл догдлол, уйтгар гунигийн аль аль нь тийм ч хүчтэй байгаагүй. Зүгээр л нэг өдөр өнгөрч, дахиад нэг өдөр эхэлж байгаа мэтээр угтсан. Энэ ер бусын амар тайван байдал би ямар ч чадвартай, тэсвэртэй, хүрээлэл сайтай, өөртөө итгэлтэй байсан хамаагүй өөрийгөө өөрчилж чадахгүй юм байна гэсэн бусдын нүдэнд "сул дорой" мэт боловч, Их Эзэний нүдэнд үзэсгэлэнтэй зүрх сэтгэлээс гарсан байх. Нэг үгээр хэлэхэд амьдрал маань "энгийн" болсон байлаа. Энгийн байна гэдэг чинь их сайхан зүйл юм билээ :)

Унаж боссон миний амьдралын дүр зураг танд танил санагдаж байна уу? Өөрийнхөө хүчээр амьдралаа өөрчилж чадахгүйдээ та гутарч үзсэн үү? Тэгвэл төгс амар тайвныг өгөгч Их Эзэн таныг гараа дэлгээд хүлээж байна.

"Сул дорой, дарамтанд орсон хүмүүс ээ, Над руу ир. Би та нарт амар тайвныг өгье" гэж Тэр хэлж байна...


Амжилт хүсье!

0 comments: